Бодох л хэрэгтэй...


Манай залуу багш нарын хандлага нэлээд өөр болсон нь илэрхий асуудал билээ. Хандлага хөгжлийн хурдыг дагах үндсэн зарчимтай байгаа нь сайн хэрэг. Ахмад багш нарын арга туршлагаас суралцах уламжлал бага болж “БИ ЧАДНА” гэх хандлага давамгайлж, чадаж байна уу гэхээр мэдэх, чадах юм хомс байгаа нь харамсалтай. Залуус их хийсвэр байна энэ маш муу. Боловсролын салбарын өөдлөхгүй байх аюул энэ болж мэднэ гэж нэгэн өвгөн багш хэлж билээ. Бодох л асуудал.

Бид, багш нарыг, тэр дундаа залуу багш нар цөм тийм биш гэдэгт итгэл төгс байдаг. Шинэ арга, зарчмыг сургалтад хэрэглэх, хувь хүний болон нийгмийн хэрэгцээг мэдэрч сургалтын үйл явцыг удирдан зохион байгуулахад тэмүүлж байгаа хүсэл эрмэлзлийг бид харж байгаа. 

Энэ нь багш нарын цахим сургалтын материал хийх, сургалтад ашиглах хэрэгцээнээс тодорхой харагддаг юм. Гэхдээ бид хийх биш боловсруулах чадвартай болох нь зүйтэй юм. Өөрөөр хэлбэл болсон болоогүй цахим сургалтын материалыг шууд хийж үзэх сонирхол их байна. Энэ ч нэг талдаа зөв юм.

Гэхдээ эхлээд төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг тооцох арга замаа тогтоох нь чухал билээ. Өнөөдөр багш нарын компьютерын хэрэглээний төвшин янз бүрээс гадна аргазүйн мэдээлэл дутмаг байгаа нь хийсвэр хандлага гаргах үндсэн хүчин зүйл болоод байгаа юм. 

Сургалтын материалыг цахим болгох амархан. Гагцхүү таны хийх, хийсэн цахим сургалтын материалын шаардлагын төвшин ямар байх ёстой вэ, тэр шаардлага хангаж байна уу үгүй юу, суралцагчийн хэрэгцээг бүрэн хангах уу, сонирхол татах бас хялбар ойлгогдохоор болох уу эсвэл болж уу, хариу үйлдэлтэй динамик байж чадах уу, байвал ямар байх ёстой вэ, бүр тухайн хичээлийн зарим сэдэв дээр цахим хэрэгсэл ашиглах нь тохиромжгүй болохыг ч үгүйсгэхгүй бөгөөд тийм тохиолдолд агуулгын бүтэц, тогтолцоог төлөвлөх хэрэгжүүлэхэд ямар арга зүй ашиглах вэ гэх зэрэг асуудлуудад эхлээд хариулт авах хэрэгтэй байдаг.

Үүнийг манай бүтээлч багш нар анхааран үзэх нь дамжиггүй юм. 

Багш нар бид бусдын алдааг давтахгүй, олны хүүхдээр бага тоглох үүднээс шалгарсан арга туршлагыг сонсож өөрийн болгон хэрэгжүүлэх үүрэгтэй хүмүүс билээ. Сургалтад цахим материал үр дүнтэй ашиглахад багшийн аргазүйн бэлтгэл чухал байна. 

Энэхүү асуудлыг шийдэхэд манай “сургалтын цахим материал боловсруулах аргазүй” нэртэй сургалтын агуулга чиглэж байгаа билээ.

ЦСҮТөв